Чөлөөт бөхийн Ази тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотноо 11 дүгээр сарын 11-16-нд болно.
Тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Азийн 366 шилдэг тамирчин цугларч байгаа бөгөөд Монголын шигшээ багийн 26 тамирчин хүч ур чадвараа сорихоор Бишкект очоод байна. "Парис 2024" Зуны олимпын наадам оролцох эрх олгох тэмцээн үргэлжлээд Бишкек хотноо 19-21-нд зохион байгуулах юм.
Бишкек хотноо болох тус 2 хариуцлагатай тэмцээний эргэн тойрны мэдээг тоймлон хүргэе: Япон улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Юй Сусаки тэргүүтэй хүчирхэг багаа илгээжээ. Японы Парисын олимпод оролцох багаас эмэгтэй бөхийн төрөлд өрсөлдөх 6 тамирчнаас 4 нь эрхээ аваад байгаа билээ.
Талбайн эзэн Киргизийн шигшээ багийн хувьд Дэлхийн аварга Акжол Махмудов, Айсулуу Тыныбекова тэргүүтэй шилдгүүд нутгийн дэвжээ, үзэгч түмнийхээ өмнө алтан медалийн бүх хүч, боломжоо дайчлан барилдах нь тодорхой.
Ташрамд дуулгахад Бишкек хот 6 жилийн дараа дахин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авахаар бэлтгэлээ хангаад байгаа юм байна.
Дэлхийн аварга, Ази тивийн аварга Ахмед Тажудинов (Бахрейн) 97 кг жинд барилдах бөгөөд тэр Азийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан медальтан болох зорилготой иржээ. Түүнчлэн Энэтхэгийн багийн хувьд энэ удаагийн тэмцээн барилдах эрх нь сэргэсний дараа бөхчүүд эх орныхоо нэр, далбаан дор өрсөлдөх гэж байгаа анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос өнгөрсөн 3 дугаар сард Энэтхэгийн Бөхийн холбооны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцалсан юм.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй чөлөөт бөх:
- 57 кг - Занданбудын Занабазар
- 61 кг - Энхбатын Энхболд
- 65 кг - Төмөр-Очирын Тулга
- 70 кг - Цэрмаагийн Чинзориг
- 74 кг - Батсүхийн Батбаяр
- 79 кг - Энхбаярын Бямбадорж
- 86 кг - Наадамбатын Батбилгүүн
- 92 кг - Дамжины Батзул
- 97 кг - Өлзийсайханы Батзул
- 125 кг - Батхишигийн Одгэрэл
Эмэгтэй чөлөөт бөх:
- 50 кг - Долгоржавын Отгонжаргал
- 53 кг - Чинболдын Отгонтуяа
- 55 кг - Мөнхболдын Дөлгөөн
- 57 кг - Энхбатын Гантуяа
- 59 кг - Батхуягийн Анударь
- 62 кг - Сүхээ Цэрэнчимэд
- 65 кг - Түвшинжаргалын Энхжин
- 68 кг - Энхсайханы Дэлгэрмаа
- 72 кг - Зоригтын Болортунгалаг
- 76 кг - Найгалсүрэнгийн Загардулам
Сонгомол бөх:
- 60 кг - Цэвээнравдангийн Балжинням
- 67 кг - Намсрайн Ганбаяр
- 77 кг - Энхтуяагийн Тэмүүлэн
- 87 кг - Ганболдын Төрболд
- 97 кг - Балтмөнхийн Бадамдорж
- 130 кг - Буянтогтохын Ганзолбоо
Эх сурвалж: МЧБХ