МИАТ ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "ТРАНЗИТ МОНГОЛИА" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, БОАЖЯ, ИНЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, агаарын тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.
Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхтамир “МИАТ ТӨХК болон олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамтран, хоорондын нислэгээ уялдуулснаар транзит нислэгийн үйлчилгээнээс орлого нэмэгдэж, бусад төрлийн бизнесүүд хөгжих боломжтой.
Монгол Улсын агаарын тээврийн зах зээл хумигдмал, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Жишээ нь улирлаас шалтгаалж агаарын зорчих урсгал тогтмол биш. Үүнийг тэнцвэржүүлэх зорилгоор өвөл Баруун Европ-Зүүн өмнөд Азийн хооронд чиглэх зорчигчдыг транзит нислэгээр хүлээн авах, цаашлаад шинээр нээх АНУ руу хийх шууд нислэгийг холбовол үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн салбараа хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарт суудлын тоо хүрдэггүй байсныг шийдэж, зочид буудал, бусад үйлчилгээний улирлын хамаарал нь буурах, эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх боломжтой. Нэг үгээр бид өөрт байгаа хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөх биш Монголын агаарын тээврийн компаниуд хамтраад дэлхийн агаарын тээврийн салбарт өрсөлдөх боломж нээгдэнэ. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлж, тэр хэмжээгээр онгоцны тоог хүссэнээрээ нэмэх боломж бүрдэнэ” хэмээв.