Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр ( тавдугаар сарын 17) Олон улсын хөлбөмбөгийн холбооны ( FIFA) 74 дүгээр конгрессийн үеэр 2027 онд болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарлалаа.
10 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Африк, Мексик-АНУ, Чили, Итали, Умардын орнууд ( Дани, Норвеги, Швед, Исланд, Финланд, Фарерын арлууд) , Бразил, Герман-Бельги-Холланд хамтран нэрээ дэвшүүлсэн бөгөөд эцсийн шатанд Бразил болон Герман-Бельги-Холланд " тунан үлдэж", ФИФА-ийн гишүүн 211 орны хөлбөмбөгийн холбооноос санал хураахад Бразил 119 санал, Европын "Гурвын холбоо" 78 санал авчээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо Бразилд саналаа өгсөн байна.
Ийнхүү эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ анх удаа Өмнөд Америк тивийг зорих бол. Бразил нь эрэгтэй болон эмэгтэй хөлбөмбөгийн ДАШТ-ийг аль алиныг нь зохион байгуулсан зургаа дахь улс ( Швед, АНУ, Франц, Герман, Канад) болох нь.
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 1991 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож буй бөгөөд Ази, Европ, Австрали, Хойд Америкт хэдийнээ мөрөө гаргаж, одоо Өмнөд Америкт айлчлах болж, гагцхүү Африк тив л үлдлээ.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2019 - 2022
Эхлэл Редакцийн бодлого Бидний тухай Холбоо барих