Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1.2.4-т “Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн номын сангуудыг харилцан мэдээлэл солилцох, цахим сан хөмрөг үүсгэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Соёлын салбарын цахим шилжилтийн хүрээнд салбарын нэгдсэн дата удирдлагын болон статистикийн систем, номын сангийн бүртгэлийн системийн талаар мэдлэг, ойлголт өгөх, албан хаагчдыг чадавхжуулах, цаашид номын сангийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор 21 аймгийн нийтийн номын сангийн захирал, мэдээллийн ажилтан, номын санчдад сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд номын сангийн гүйцэтгэх үүрэг, соёлын салбарын цахим шилжилт, мэдээллийн систем, номын сангийн нэгдсэн систем, дижитал номын сангийн холболт, ном модулийн талаарх илтгэл, хичээлүүд орлоо. Монгол Улсын Үндэсний номын сангийн нэгдсэн систем ашиглалтад орсонтой холбогдуулан тус номын сангаас 21 аймгийн нийтийн номын сангийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг орон нутагт хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.