Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё буюу хаврын тэмцээний 3 дахь өдрийн /2023.03.13/ барилдааны тоймыг танилцуулж байна.
Энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-11/, Миёогирюү/М-10/-тэй учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр ойчиж 3 унаатай болов.
Чёошома Г.Мөнхсайхан /М-16/, Точиношин /Жюүрёо-2/-той барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 1 даваа, 2 унаатай болов.
Миторюү М.Төрболд /М-17/, Цүрүгишотой таарч барилдан, түүнд ёрикири мэхээр унаж 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дээд жиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-15/, Кинбозан /М-14/-тай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваатай байна.
Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 3 дахь өдөр /2023.03.13/энэ башёгийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/, нутгийн дүү Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй таарч барилдан түүнд сүкүинаге мэхээр ойчиж 2 унаа, 1 даваатай байгаа бол Кирибаяама 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Такакэйшёо, Шодай /М-1/-тай учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр давж, тэд адилхан 2 даваа, нэг унаатай боллоо.
Харин Секивакэ Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Котоновака/М-2/-тай хүч үзэн, түүнийг ёрикири мэхээр давж эхний даваагаа авсан бөгөөд 2 унаатай энэ башёг үргэлжлүүлж байна.