Ирэх 11 дүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны хурал энэ өдрүүдэд Тайландын нийслэлд үргэлжилж байна.
Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь Mixed martial arts буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно.
Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ өнгөрсөн арванхоёрдугаар сард тавьсан. Азийн олимпын зөвлөл тэдний хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаар болжээ.
“Холимог тулаан наадмын хөтөлбөрт багтсанд маш их баяртай байна. Энэ спорт олон улсад өргөн дэлгэр тархсан. Мөн тэмцээн зохион байгуулахад нэмэлт зардал шаардахгүй, цомхон гэдгээрээ давуу талтай. Холимог тулааны спорт наадмын үнэ цэнийг нэмэгдүүлэх болно” хэмээн Азийн холимог тулааны холбооны ерөнхий захирал Дэвид Тонг хэлсэн байна.
Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт каратэ, жюү-жицу, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, таеквондо, чөлөөт бөх зэрэг халз тулааны спортууд багтсан. Тэгвэл өдгөө чөлөөт бөх, жүдо, бокс, кикбокс зэрэг халз тулааны ихэнх техникийг өөртөө багтаасан, дэлхий даяар асар олон үзэгчтэй холимог тулааны спорт наадмын хөтөлбөрт нэмэгдэхээр боллоо.