Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Парис-2024” Олимпод манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчнаа илгээхээр боллоо.
Хамгийн олон тамирчин илгээж байгаа нь Монголын жүдо бөхийн холбоо юм. Парист манай 10 жүдоч хүч үзнэ. Араас нь чөлөөт бөхийнхөн найман тамирчинтай удаалж байгаа бол боксынхон ердөө хоёрхон эрхтэй. Ингэхдээ эрэгтэйчүүд нь Олимпод оролцож чадахгүй. Монголчууд сүүлийн таван олимпод 20-43 тамирчин илгээж байв.
Ялангуяа “Рио-2016”, “Токио-2020” наадамд 43 тамирчин эрх авч оролцсон нь дээд амжилт болж байв. Токиод спортын 10 төрөлд Монголын тамирчид өрсөлдөж байв. Парисын Олимпод оролцох Монголын багийн онцлог нь дугуйн төрөлд эрх авсан явдал юм. Энэ төрөлд манай хоёр шилдэг дугуйчин уралдана.
Аль төрөлд, хичнээн тамирчин эрх авсныг хүснэгтээр үзүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул