Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлнгийн сурын талбайд эхэлж, 365 харваач цэц мэргэнээ сорилоо.
Харваачдаас аймгийн мэргэн, спортын мастер Т.Галхүү 24, улсын мэргэн Б.Хатансайхан 23, спортын мастер Ц.Баасанхүү 23, спортын мастер Д.Өвгөнхүү 23, спортын дэд мастер М.Тогтохбаяр 23, улсын мэргэн Д.Баттулга 22, спортын мастер Б.Энхтүвшин 22, С.Алдар 22 оноогоор шигшээ наймд шалгарчээ.
Улмаар шилдэг найман харваачаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 27 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолын болзол хангасан байна. Түүнийг “Тоёота Акуа” маркийн авто машинаар мялаажээ. Энэхүү уламжлал нь гурав дахь жилдээ үргэлжилж байгаа нь энэ. Улсын баяраар түрүүлсэн тамирчдын шинэ цолыг долоодугаар сарын 12-нд олгоно. Өнөөдөр буриад сурын харваа эхэлнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул