Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн хяналт шалгалтын газар, геодизи усны барилга байгууламжийн газраас усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг аваад байна.
Энэ талаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Г.Батбаатар: “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Очрлон сургуулийн өргөтгөл “Эм Си Эс” пропертийз ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын талбайд хяналт шалгалтыг явуулахад “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэсэн усны барилга байгууламжийг гэмтээж, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсныг илрүүлж зөрчлийг арилгуулсан. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ авч улсын байцаагчийн дүгнэлтээр 28 аж ахуйн нэгж байгууллагад албан даалгавар хүргүүлээд байна” гэв.
ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан: “ Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас ус зайлуулах хоолой усаа тогтохгүй эргэн халих асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж үзэхэд барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам, хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус авто зам, явган хүний зам руу тогтож байгааг олж илрүүлсэн. Мөн үүнээс болж борооны зайлуулах төмөр бетон хоолой эвдэрч, гэмтсэн. Тиймээс борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шавхсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС