НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 29 /CNBC/. Лхагва гарагийн арилжааны явцад тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа 1.2 хувиар өсөж, 699.44 мянган ам.долларт хүрснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 1 их наяд ам.долларыг давжээ. Ингэснээр тэрбумтны компани зах зээлийн үнэлгээ нь эл босгыг давсан технологийн бус анхны компани болжээ.
Уоррен Баффетын компани зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.долларын босгыг давсан АНУ-ын долоо дахь компани боллоо. Тус компанийн өмнө “Apple” /зах зээлийн үнэлгээ нь 3.47 их наяд ам.доллар/, "NVIDIA" (3.12 их наяд ам.доллар), "Microsoft" (3.06 их наяд ам.доллар), "Alphabet" (2.02 их наядын ам.доллар), "Amazon" (1.8 их наяд ам.доллар), "Meta Platforms" (1.3 их наяд ам.доллар) гэсэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бичигдэж байна.
“Berkshire Hathaway” одоо дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад Саудын Арабын газрын тосны "Saudi Aramco" компанийн (1.793 их наяд ам.доллар) дараа наймдугаарт бичигдэж байна. Тус компанийн А зэрэглэлийн хувьцаа энэ онд 28 хувиар, В зэрэглэлийнх 29 гаруй хувиар өсжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!