ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 4 /TASS/. Японы боксчин Наоя Иноүэ 55.22 кг жинд дэлхийн боксын үнэмлэхүй аварга цолоо хамгааллаа. Токиод болсон 12 үетэй тулалдаанд тэрбээр Ирландын боксчин Ти Жэй Дохениг 7-р үед техникийн хүнд цохилтоор ялжээ.
Тулалдаан эхлэхэд Иноүэ давуу байсан ч тэрбээр илт илүүрхэх гэж яарсангүй. Харин зургаадугаар үед илт илүүрхэж, өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлжээ. Долоодугаар үе эхлэхэд Дохени зоо нурууны бэртлийн улмаас тулалдааныг үргэлжлүүлэхээс татгалзсан байна.
Иноүэ Дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын байгууллагын дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа, Олон улсын боксын холбоо (IBF) болон Дэлхийн боксын холбооны бүсийг хоёр дахь удаагаа хамгааллаа.
Тэрбээр өмнөх тулаанд Филиппиний боксчин Марлон Тапалесийг ялж, хоёр дахь жингийн ангилалд дэлхийн үнэмлэхүй аварга болсон юм. Мөн 53.52 хүртэлх кг жинд аваргын бүх дөрвөн бүсийг авчээ. Иноүэ мэргэжлийн боксын жингийн тоо дөрөв болж нэмэгдэх үед хоёр жинд дэлхийн үнэмлэхүй аварга цолыг хүртсэн түүхэн дэх хоёр дахь боксчин болов. Эл амжилтад хүрсэн анхны боксчин бол Америкийн тамирчин Теренс Кроуфорд бөгөөд тэрбээр 63.5 кг ба 66.68 кг-ын жинд дэлхийн үнэмлэхүй аварга болж байжээ.
Нийтдээ Иноүэ 48.99 кг, 52.16 хүртэлх, 53.52 хүртэлх, 55.22 хүртэлх кг гэсэн дөрвөн жинд дэлхийн аварга болжээ. Өдгөө 31 настай япон боксчин 28 удаа ялж (25 удаа хүнд цохилтоор), нэг ч ялагдал хүлээгээгүй байна. 2019 онд Иноүэ Филиппиний боксчин Нонито Донэйрийг буулгаж авснаар Дэлхийн боксын супер цувралын ялагч болжээ.
Өдгөө 37 настай Дохенигийн хувьд 26 удаа ялж, (20 удаа хүнд цохилтоор) 5 удаа ялагджээ. 2018-2019 онд тэрбээр IBF-ийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан бөгөөд цолоо нэг удаа хамгаалсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!