Францын нийслэл Парис хотод зуны олимпын XXXII наадам, паралимпын XVII наадам болоход Монгол Улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгөн медаль хүртсэнээр 204 орноос 74 дүгээр байр эзэлж, паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр 170 орноос 57 дугаар байр эзэлсэн билээ.
Олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд дөрөв, боксын төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан бол паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд хоёр, байт харвааны төрөлд нэг тамирчин шагналт байрт шалгарсан. Тэгвэл “Парис-2024” олимпын наадмын бокс, хүндийн өргөлт, паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монголын нийт таван шүүгч тэмцээн уралдааныг дэнсэлжээ.
Өнөөдөр ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү нар Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу “Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид нэг удаагийн мөнгөн шагнал олгох батламж гардуулсан юм.
Паралимпын наадмын алтан медальт У.Сүрэнжавд 120 сая, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү болон паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга, Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нарт 60 сая төгрөг гардуулсан бол тэдний дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар 60 сая, Д.Батнасан, Д.Баттулга, М.Бундмаа, Д.Махашири нарт 30 сая төгрөгийн батламж гардууллаа.
“Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нийт 10 хүнд Засгийн газраас 540 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж олгов. Мөн олимпын наадамд эрх авч оролцсон 32 тамирчин, паралимпын наадамд эрх авч оролцсон 11 тамирчин, олимпын наадмыг дэнсэлсэн Л.Одгэрэл, М.Бөхбат, Т.Энхцэцэг, Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар тус бүрт нь 10 сая төгрөгийн батламж гардуулсан ба нийт 480 сая төгрөг олгож байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!