БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 21 /VOA/. Израилын цэргийнхэн баасан гарагт Ливаны нийслэл Бейрут хотын захад агаарын цохилт өгч, “Хезболла” бүлэглэлийн цэргийн өндөр албан тушаалтныг устгасан гэж Израилын арми мэдэгджээ.
Ливаны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, уг цохилтын улмаас 14 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.
Бейрутийн өмнөд хэсгийн хүн ам шигүү суурьшсан Дахия дүүрэгт өгсөн цохилтын үеэр “Хезболла”-гийн элит “Радван” хүчний командлагч Ибрахим Акил амь үрэгдсэн гэж Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгджээ. Түүний хэлснээр, “Хезболла”-гийн өөр 10 гишүүн халдлагад өртөн амиа алдсан байна.
И.Акил амь үрэгдсэн гэдгийг “Хезболла” бүлэглэлийнхэн бямба гаргийн өглөө баталсан ба өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант энэ цохилтыг дайны шинэ үе шатны нэг хэсэг гэж мэдэгджээ. “Бид Бейрут дахь Дахия дүүрэгт ч гэсэн иргэдээ хамгаалахын тулд дайснуудынхаа араас мөшгөн хөөх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Ливаны Гадаад хэргийн сайд Абдалла Бухабибын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдэгдсэнээр, баасан гарагт болсон цохилтын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дунд хүүхдүүд байсан бөгөөд нийт 66 хүн шархаджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!