Узбекистаны Ташкент, Бухара, Андижан хотноо болж буй футзалын 10 дахь удаагийн ДАШТ-ий шилдэг 16 багийн тулаан, хасагдах шатны тоглолтууд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Бухара хотноо өчигдөр болсон эхний тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразил -Коста Рикагийн багтай тоглон 5:0-ээр буулган авсан бол Ташкент хотноо болсон плей-оффын хоёр дахь тоглолтод Украин-Холландыг 3:1-ээр хожлоо.
Өнөөдрийн эхний тоглолтод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө хоёр дахиа оролцож буй Венесуэлийн хөлбөмбөгчид Дэлхийн хошой аварга, 3 мөнгө, 1 хүрэл медальт Испанийн багийг 2:1-ээр хожин энэ тэмцээний томоохон шуугианыг тарилаа.
Венесуэлчууд шөвгийн наймд Украинтай учраа таарч байна.
Өнөөдрийн хоёр дахь тоглолт Парагвай-Афганистаны хооронд болсон.
Төв Азид, тэр тусмаа хөрш зэргэлдээ Узбекистанд болж буй болохоор Афганы хөгжөөн дэмжигчид харьцангуй олон байсан бөгөөд тун идэвхтэй багаа дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайнд урам орсон афганчууд эхний гоолыг оруулж, улмаар хоёрдугаар үеийн дунд хүртэл давамгайлж байсан ч Парагвай тоог тэнцүүллээ.
Үлдсэн хугацаанд Афганчууд ялахыг үнэхээр хүсч, тоо тэнцүү байхад хүртэл хаалгачаа талбайн тоглогчоор сольж тоглоод ч тооны харьцаа хэвээр үндсэн цаг өндөрлөлөө. Ингээд нэмэлт цагийн эхний таван минутад Өмнөд Америкчууд хоёр ч гоол оруулж амжив. Нэмэлт цагийн хоёрдугаар үед афганчууд мөн л хаалгачаа талбайн тоглогчоор сольж, олон хувилбар хийсэн ч тооны зөрүүг багасгаж чадсангүй , 3:1-ээр Парагвай нэмэлт цагт ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Одоогоор Бразил, Украин, Венесуэл, Парагвайн хөлбөмбөгчид шөвгийн наймд үлдээд буй бөгөөд Иран-Марокко, Португал-Казахстан, Тайланд-Франц, Аргентин-Хорватын ялсан багууд тэдэн дээр нэмэгдэх юм.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
"Узбекистан-2024" футзалын ДАШТ-ий мэдээллийн спонсор:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!