Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.09.25) Улаанбаатар хотноо боллоо.
Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оролцож энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого чиглэлээ танилцуулав.
Тэрбээр: “Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн шалтгаанаар “саарал жагсаалт”-д орж байсан гашуун туршлагыг дахин давтахгүйн тулд 2028 онд эхлэх дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэн, мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд анхаарал хандуулан ажиллах зайлшгүй шаардлагатай байна. “Саарал жагсаалт”-аас гарсан 2020 оноос хойш Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази тивийн анхны улс болсон. Мөн бид 2030 он хүртэл үндэсний хэмжээнд хэрэгжих мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, стратегиа тодорхойлоод байна. Гэвч шинэчлэн сайжруулах олон зүйл байгаа тул энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн идэвх оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Эрдэм шинжилгээний хуралд манай улсын хууль сахиулах, шүүх, прокурорын байгууллагын туршлагатай мэргэжилтнүүдээс гадна олон улсын судлаачид, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх нарын 150 орчим төлөөлөл оролцож, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, олон улсын сайн туршлагыг сонсож, Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо ирээдүйд хаашаа чиглэх, чиг үүргийн байгууллагууд алсын хараагаа нэгтгэн тодорхойлох ач холбогдолтой юм.
Хурлыг УПЕГ-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, ХЗДХЯ, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: ХЗДХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!