ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 5 /ТАСС/. Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан Поль Погбагийн тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хасах шийдвэрийг Спортын арбитрын шүүх /CAS/ гаргаж байсан бол өчигдөр энэ хугацааг 18 сар болгож өөрчилжээ. Энэ тухай Дейли Мэйл сонин мэдээлсэн байна.
Ингэснээр хагас хамгаалагч Погба 2025 оны гуравдугаар сард талбайд гарах эрхтэй болох юм.
Италийн “Ювентус” багийн хагас хамгаалагч Погба сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир тоглох эрхээ 4 жилээр хасуулсан тухай энэ оны хоёрдугаар сарын 29-нд Италийн сэтгүүлч Николо Скира мэдээлж байсан юм. Үүнээс өмнөхөн ANSA агентлагийн мэдээнд дурдсанаар, өнгөрсөн улирлын Италийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн “Ювентус”- “Удинезе” багуудын тоглолтын дараа Погбагаас авсан сэргээшийн шинжилгээний сорилын эерэг гарч, түүнээс тестостерон илэрсэн байна. Хөлбөмбөгчнийг “Ювентус”-т тоглохыг хориглосон байна. 2023 оны 10 дугаар сард авсан давтан шинжилгээгээр хариу ч мөн эерэг гарчээ.
Өдгөө 31 настай Поль Погба Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхий аварга болж, 2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр “Ювентус”-т тоглох хугацаандаа Италийн аваргаар 3 удаа шалгарч, Италийн Супер цомд 3 удаа түрүүлж, Италийн цомын аваргаар 2 удаа шалгарч байжээ.
Мөн Английн “Манчестер Юнайтед” багт тоглож байхдаа 2017 оны Европын Лигт түрүүлж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!