ТАШКЕНТ, 2024 оны аравдугаар сарын 7 /UzA/. Узбекистан улсад болсон заалны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шигшээ тоглолтод Бразилын шигшээ баг Аргентины багийг 2:1-ээр хожлоо.
Бразилын шигшээ багаас Феррао /6 дахь минутад/, Рафа Сантос /13/ нар гоолдсон бол хожигдсон багаас Матиас Роса /39/ гоол оруулсан байна.
Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Украины шигшээ баг Францын багийг 7:1-ээр буулган авсан байна. Энэ удаагийн ДАШТ-д 24 баг оролцжээ.
Бразилын шигшээ баг заалны хөл бөмбөгийн ДАШТ-д зургаа дахь удаагаа түрүүлж, энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоогоод байна. Тус тэмцээнд Испанийн шигшээ баг хоёр удаа (2000, 2004), Аргентин (2016), Португалын (2021) шигшээ багууд тус бүр нэг удаа түрүүлжээ.