Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын нэгдмэл боксын холбооноос мэргэжлийн боксын халз тулааныг Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулах гэж байна.
Ирэх сарын 6-нд “Хангарьд” паласт болох эл тулаан эрэгтэй зургаа, эмэгтэй нэг жингийн ангиллаар болох бөгөөд шилдэг тулаанчдын тулааныг эрдэнэтчүүд анх удаа дэргэдээс нь үзэх гэж буйгаараа онцлогтой. Тулаантай холбогдуулан Монголын нэгдмэл боксын холбооноос хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр “Мэргэжлийн боксын тулааны сонирхолтой байлгах үүднээс жин тус бүрд өрслөдөх тамирчдыг туршлага, чансаагаар нь эн тэнцүү байхаар сонгосон байна. Тамирчин ирэх сарын 5-нд жингээ үзэж, нүүр тулах уулзалт хийж, өөрсдийн бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлаа олон нийтэд харуулна. Энэ тулааныг цаашид жил бүр уламжлал болгохыг зорьж байна. Тиймээс боксын тамирчид чадал чансаагаа сорьдог, үзэгчдийн хүсэн хүлээдэг тулаан болгохын тулд бэлтгэл ажлыг өндөр түвшинд хийж байгаа” хэмээн зохион байгуулагчид ярилаа.
Тулаанд ялсан боксчин 1.8 сая төгрөг гардан авах бол ялагдсан нь 800 мянган төгрөг халаасална. Тулааны гол зорилго нь ид гялалзаж яваа тамирчдаа олонд илүү таниулах, урам зориг өгөх, цаашдын олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд сэтгэл зүй, бие бялдарыг бэлтгэх, мэргэжлийн боксын спортыг Монголд өндөр түвшинд хөгжүүлэх, тамирчдыг гадагшаа тулаанд явах үүд хаалгыг нь нээж өгөхөд оршиж байгаа ажээ.
Мэргэжлийн боксын анхдугаар халз тулааныг Монголын нэгдмэл боксын холбоо, “Эрдэнэт” үйлдвэр, MNB спорт суваг, Unival студи хамтран зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!