МҮОХ-ны гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.03.23/ “Корпорейт” зочид буудлын их танхимд болж, хуралд 180 гишүүн ирэх ёстойгоос 108 нь хүрэлцэн ирж, 60 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хурлыг нээж хэлсэн үгэндээ 2023 онд Монголын тамирчдыг олон тэмцээн, олон том наадмууд хүлээж байгааг дурдаад, эдгээр тэмцээнд амжилт гаргахад МҮОХ-ны нийт гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов.
Хурлын эхэнд гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар крикет болон люж чарганы холбоог МҮОХ-ны гишүүн байгууллагаар элсүүлэхийг дэмжлээ.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар төлөвлөгөө, төсвийг хэлэлцүүлж батлууллаа.
Мөн хурлын үеэр МҮОХ-ны Хянан шалгах зөвлөл мэдээлэл хийснээс гадна нийт гишүүдийн олонхын саналаар МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.