Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам “Хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах” сэдвийн хүрээнд хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтыг нээж үг хэлэхдээ үндэсний баяр Цагаан сарын мэндчилгээг дэвшүүлж, өнгөрсөн луу жилд тохиосон улс төр, нийгмийн онцлох үйл явдлууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын чиглэл, зарчмыг Хөгжлийн түншүүдэд танилцуулан цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх зорилгоор салбаруудад хэрэгжүүлж буй бодлого болон бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг танилцууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Элчин сайдын яамд, олон талт хөгжлийн түншүүдийн 38 төлөөлөгч оролцож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх зэрэг асуудлаар нээлттэй санал солилцож, талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Эдийн засаг, хөгжлийн яам цаашид хөгжлийн түншүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, хамтран ажиллах механизмыг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг сэдэвчилсэн байдлаар тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ЭЗХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!