Владивосток, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч В.Путин Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь Орос болон бусад Ази-Номхон далайн түнш орнуудтай илүү идэвхтэй хамтран ажиллахад дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 17 гаруй хувиар нэмэгдсэн нь хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байгааг онцлов. Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй Бээжин хотноо уулзахдаа гурван талын хамтын ажиллагаа болон эрчим хүчний асуудлыг түлхүү хөндөж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд ОХУ-ын хувьд хөрш, стратегийн түнш болох Монгол Улстай хамтран ажиллах нь ач холбогдолтой хэмээн В.Путин дурдсан юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар тавихад дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлэв. “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй уулзахдаа ч энэ төслийн ач холбогдолын талаар ярилцсан гэв. Энэ бол 100 жилдээ ганц хэрэгждэг томоохоон төсөл гэдгийг онцлоод Оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносовын “Сибирь Оросыг улам хүчирхэг болгоно” хэмээн хэлснийг дурдав.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 онд Халх голын Ялалтын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэснийг онцолж, дэлхийн II дайн, Халх голын дайн болон Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь манай хоёр улсын хамтын ялалт гэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ю.Дэлгэрмаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!