Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд Монголоос 10 тамирчин өрсөлдөж 5 медалийн төлөө хүч үзэхээр шалгараад байна.
Энэ жилийн ДАШТ-д 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байгаа юм. Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нар баг тамирчдаа дасгалжуулж байна. Тэмцээний шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөөх даваанд Л.Алтанцэцэг, Х.Билгүүнсайхан, А.Баттулга, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар туналаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Японы Хиккарү Шинохаратай, 51 кг-д Б.Мөнгөнсаран Узбекистаны Феру Казаковатай, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Филиппинийн Барикуатро Жей Брайнтай, 55 кг-д Х.Билгүүнсайхан Испанийн Серрона Рафаэльтай, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Их Британийн Камара Оделтэй тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийтдээ 16 медаль хүртсэн бөгөөд анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртсэн бол гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар отгон медальтнууд юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!