Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засмал замын дугуйн мэргэжлийн лигийн хүрээнд зохион байгуулж буй “Tour of Yunnan” уралдааны тавдугаар гараа, “Kunmin stage” болж, үндэсний шигшээ багийн тамирчин, “Хуаншен-Воноа-Тайшан” багийн дугуйчин Э.Болор-Эрдэнэ түрүүлжээ.
Тэгвэл дэд байрт үндэсний шигшээ багийн тамирчин, “Шенжень Кун” багийн дугуйчин Э.Билгүүнжаргал шалгарсан байна. Хятадын соёл иргэншлийн томоохон төв, Мин улсын үеийн дурсгалт газруудаараа алдартай Кунмин хотод болсон уг уралдаанд БНХАУ-ын дотоодын шилдэг 13 багийн 150 тамирчин 108 км туулж уралдсан аж.
БНХАУ-ын багууд дотоодын лигтээ өндөр ач холбогдол өгч, гаднын легионер тамирчдыг урьж өрсөлдүүлдэг. “China pro league&tour of Yunnan-2025” уралдаанд оролцсон манай тамирчид дугуйн спорт өндөр хөгжсөн Испани, Бельги, Швейцар, Дани, Герман, Недерланд, Австрали, Эритрей, ОХУ зэрэг 18 улсын легионер тамирчидтай өрсөлджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!