Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 753.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Боловсруулах аж үйлдвэр 9 хувь тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 33.6 хувиар өссөн аж. Тус салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал:
- хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 371.5 тэрбум төгрөг,
- төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэлийн салбар 138.2 тэрбум төгрөг байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 3.6-66.6 хувиар өсжээ.
Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, катодын зэс, цемент, гурил, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9-3.4 дахин өссөн байх юм.
Гэхдээ цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал буурчээ. Улмаар малын мах, металл бэлдэц, ус, ундаа жүүс, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-49.2 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал уул уурхайн салбарын борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр их байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны мөн үеийнхээс 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 72.1 хувиар, бусад ашигт малтмал олборлолтын салбар 15.2 хувиар өссөн байх жишээтэй.
Гадаад зах зээлд урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн аж Түүний 34.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 58.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.4 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Эрдэнэбат

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!