ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хамгийн гоёмсог гоолыг оруулсан тамирчинд олгодог Ференц Пушкашийн нэрэмжит шагналын эзнээр Аргентины "Индепендьенте" клубийн хөлбөмбөгчин Сантьяго Монтиэл тодорчээ.
Тэрбээр энэ оны тавдугаар сард болсон Аргентины аварга шалгаруулах тэмцээний 16 дугаар тойргийн тоглолтын үеэр торгуулийн цохилтын талбайн гаднаас "Индепендьенте Ривадавия" багийн хаалга руу араараа унаж цохилт хийсэн нь оновчтой болсон байна. Ингэснээр "Индепендьенте" баг 1:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авчээ.

Гоёмсог гоолын шагналын төлөө 10 хөлбөмбөгчин өрсөлдсөний дотор ЦСКА багийн Алеррандро байв. Шагналыг олгохдоо 2024 оны 8 дугаар сарын 11-нээс 2025 оны 8 дугаар сарын 2 хүртэлх хугацаанд оруулсан гоолуудаас хамгийн гоёмсог гоол оруулсан хөлбөмбөгчнийг тодруулсан байна.
Энэ улирлын шагналын эзэн Монтиэл 25 настай бөгөөд 2024 оноос Индепендьенте" багт тоглож байгаа ажээ. Тэрбээр энэ улиралд тус багийн бүрэлдэхүүнд 36 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 4 удаа оновчтой дамжуулалт өгсөн байна.
Ференц Пушкашийн нэрэмжит ФИФА-гийн шагналыг 2009 оноос хойш олгож байгаа бөгөөд өнгөрсөн улирлын хамгийн гоёмсог гоолыг Аргентины хөлбөмбөгчин Алехандро Гарначо оруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!