БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер пүрэв гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзах үеэрээ эдийн засгийн өсөлтийг дэмжих, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Бээжинтэй “төлөвшсөн, тогтвортой харилцаа” тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь олон жилийн турш ээдрээтэй байсан хоёр орны харилцаа сэргэн өөрчлөгдөхийн дохио болж байна.
Өнөөдөр бол Хятадад хийж буй К.Стармерын дөрвөн өдрийн айлчлалын хамгийн чухал өдөр бөгөөд сүүлийн найман жилд Их Британийн Ерөнхий сайд Хятадад анх удаа айлчилж байгаа юм. Бээжин хот дахь Ардын Их Хурлын ордонд болсон хоёр орны удирдагчдын уулзалт 80 минут үргэлжилжээ. К.Стармер мөн Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзана.
Зүүн төвийн үзэл баримтлалтай Лейборист нам эдийн засгийг өсгөх амлалтаа биелүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа энэ үед К.Стармер тагнуул болон хүний эрхийн асуудлыг үл харгалзан дэлхийн хоёр дахь том эдийн засагтай харилцаагаа сайжруулах зорилт тавьжээ.
“Хятад улс дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид хамтран ажиллах боломжийг эрэлхийх, мөн санал зөрөлдөж буй асуудлуудаар хэлэлцээ хийх боломжтой илүү төлөвшсөн харилцаа тогтоох нь нэн чухал” гэж К.Стармер уулзалтын эхэнд Ши Жиньпинд хандан хэлэв.
Ши хариуд нь хэлэхдээ, Их Британитай тогтоосон харилцаа нь аль ч улсын ашиг сонирхолд нийцээгүй "амаргүй үеийг" туулсан хэмээн дурдаад, Хятад улс бат бөх стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. “Бид түүхийн сорилтуудыг тэсэн гарч чадах үр дүнд хүрч чадна” гэж Хятадын удирдагч мэдэгдэв.
К.Стармер бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урьдаас таамаглах аргагүй бодлогоос хамгаалах зорилгоор Хятад улстай дипломат харилцаагаа идэвхжүүлж буй Барууны удирдагчдын нэг юм.
Худалдааны татвар ногдуулна гэх Трампын байнга сүрдүүлэг, мөн Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй нутаг болох Гренландыг хяналтдаа авах тухай мэдэгдлүүд нь Их Британи зэрэг холбоотнуудынх нь дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
К.Стармерын айлчлал Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн Бээжинд хийсэн айлчлалын дараахан болж байгаа бөгөөд М.Карни худалдааны саад тотгорыг арилгах тухай эдийн засгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Трампын уур хилэнг хөдөлгөсөн юм.
Их Британи, БНХАУ хоёрын харилцаа сайжирсныг харуулах хэд хэдэн гэрээ байгуулах төлөвтэй байна гэж Лондоны Кингс коллежийн Хятад судлалын профессор Керри Браун ярилаа. К.Стармерыг бизнесийн салбарын 50 гаруй төлөөлөгчид дагалдаж яваа нь Их Британи эдийн засгийн үр ашгийг эрхэмлэж байгаагийн бас нэгэн дохио юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!