ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 30 /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани борлуулалтаараа зургаа дахь жилдээ дараалан тэргүүллээ. АНУ-ын тарифын арга хэмжээ нөлөөлсөн хэдий ч тус компани өнгөрсөн онд 11.32 сая гаруй машин борлуулжээ.
"Toyota" өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 11 322 575 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 4.6 хувиар өссөн байна. Үүнд тус группийн жижиг машин үйлдвэрлэгч "Daihatsu Motor", ачааны машин үйлдвэрлэгч "Hino Motors"-ын үйлдвэрлэсэн автомашинууд багтжээ.
Японд "Toyota" компани 1.5 сая гаруй автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 4.1 хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ дахь борлуулалт нь 8 хувиар өсөж, 2.51 саяас давсан бөгөөд ийнхүү өсөхөд хос хөдөлгүүрт автомашины борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Хятадад тус компани 1.78 сая ширхэг автомашин борлуулсан нь жилийн өмнөхөөс 0.2 хувиар өссөн бол Энэтхэгт борлуулсан машины тоо 350 мянгаас давж, өмнөх оныхоос 17.1 хувиар нэмэгдсэн байна.
Автомашины борлуулалтаар хоёрдугаарт Германы "Volkswagen" концерн орж байна. Тус компанийн борлуулалт 2025 онд өмнөх оныхоос 0.5 хувиар буурч, 9 сая гаруй автомашин борлуулжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!