Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос 2023 онд 11 төрлөөр оюутны УАШТ-ийг зохион байгуулж эхлээд байна.
Өчигдөр /2023.04.07/ 2023 оны оюутны УАШТ-ий эхний төрөл болох ширээний теннисний оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн “Оч” спорт клубын зааланд амжилттай явагдаж өндөрлөв.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрөлд явагдан байгууллагын дүнг медалийн чанараар гаргалаа. МУИС-ийн ширээний теннисний оюутны шигшээ багийн тамирчин, БС-ийн Санхүүгийн 4 дүгээр түвшний оюутан, спортын мастер М.Ундрам эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн байна.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутан М.Тэмүүлэн тэргүүн байрт шалгарлаа. Харин холимог хосын тэмцээнд СЭЗИС-ийн оюутнууд болох Э.Оргил, Б.Болор-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ.
Байгууллагын дүнгээр ШУТИС-ийн баг түрүүлэн, МУИС-ийн баг 2 дугаар байрт, СЭЗИС-ийн баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.
Энэ тэмцээний медальт тамирчдыг БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн Универсиад /Chengdu 2021 FISU World University Games/ наадамд оролцуулах юм.