БРИСБЭН, 2026 оны зургаадугаар сарын 22 /Kazinform/. Австралийн Квинслендийн их сургуулийн судлаачид байгалийн гаралтай элсэн чихэртэй ижил амттай боловч илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна.
Энэхүү төслийг тус их сургуулийн Биологийн тогтвортой хөгжлийн төвд хэрэгжүүлж байгаа бөгөөд эрдэмтэд чихрийн нишингийн түүхий эдээс ховор төрлийн элсэн чихэр гарган авахын тулд исгэх технологи болон тусгайлан гарган авсан бактерийг ашиглаж байгаа ажээ.
Ийм төрлийн элсэн чихэр нь зарим жимсэнд байгалийн гаралтайгаар маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд энгийн сахартай ижил амт, бүтэцтэйгээс гадна нарийн боов хийх шинж чанараа хадгалдаг хэдий ч илчлэг багатай байдгаараа онцлог юм.
Төслийн удирдагч, доктор Ашаякатль Гонсалесийн хэлснээр, хүнс, ундаа үйлдвэрлэгч компаниуд ховор элсэн чихрийг ихээхэн сонирхох болсон хэдий ч үйлдвэрлэлийн өртөг өндөр байдаг нь өргөнөөр ашиглахад саад болсоор ирсэн байна.
Судлаачид уг элсэн чихрийг бичил биетний тусламжтайгаар исгэх аргаар гарган авч, энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү процесст Квинслендын чихрийн нишингийн талбайгаас ихэвчлэн олддог бактерийг ашиглаж байгаа бөгөөд чихрийн нишингийг өндөр үнэ цэнтэй, ховор сахар болгон хувиргахын тулд тэдгээр бактерийн бүтцийг өөрчилж байгаа аж.
Австралийн Хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарын хөгжилийн хурдасгуур байгууллагын судалгаа, хөгжүүлэлтийн эрдэмтэн Натан Жүний хэлснээр, судалгааны багийнхан тусгайлан зохион бүтээсэн биореакторт ховор элсэн чихэр ялгаруулдаг хэд хэдэн бактерийн омгийг хэдийнээ гарган авсан байна.
Австрали нь Бразил, Энэтхэг, Тайландын нэгэн адил элсэн чихэр экспортлогч дэлхийн хамгийн том орон бөгөөд энэхүү салбар нь тус улсын эдийн засагт жилд 2 орчим тэрбум австрали долларын орлого төвлөрүүлдэг.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!