Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2026 оны Элсэлтийн шалгалт орон даяар өнөөдрөөс нэгэн цагт эхэлж байна.
Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү шалгалтыг нийслэлийн 30, орон нутгийн 25 нийт 55 төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулах юм. Шалгалтын цахим бүртгэлд нийт 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Боловсролын сайдын тушаалаар Элсэлтийн шалгалтад дэмжлэг үзүүлэх багийг байгуулжээ. Тус багт ЦЕГ, Цахилгаан түгээх сүлжээ компани, Нийтийн тээврийн байгууллага зэрэг шалгалтад тулгамдаж болох асуудлыг шийдвэрлэх боломжтой бүх байгууллагын төлөөлөл багтаж байгаа юм. Мөн шалгалтын 55 байранд эмч, сэтгэлзүйч, цагдаа нар ажиллаж байна.
Шалгуулагчид шалгалтад очихдоо:
Бүртгэлийн хуудас /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
Шалгалт өгөх газар, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч, асуулга судалгааг бөглөөд хэвлэж авна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг авчрах юм.
Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёо, томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг хууран мэхлэх зорилготой бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно. Түүнчлэн шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, тусалсан, дээр заасан хориглох зүйлсийг авч орсон, ашигласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, материалыг нь хүчингүй болгох ажээ.
Хуваарийг танилцуулъя.
Зургаадугаар сарын 25
10:00-11:20 цагт: Түүх
14:00-15:20 цагт: Англи хэл
Зургаадугаар сарын 26
10:00-11:40 цагт: Хими
13:00-14:20 цагт: Газар зүй
16:30-17:50 цагт: Нийгэм судлал
Зургаадугаар сарын 27
10:00-11:20 цагт: Биологи
14:00-15:40 цагт: Математик
Зургаадугаар сарын 28
10:00-11:40 цагт: Физик
13:00-14:20 цагт: Орос хэл
16:00-17:20 цагт: Монгол хэл
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!