Торонто хотын нэг хувийн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Меир Штраус тус хотын даргын сонгуульд оролцох мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөч гэж эцэг, эхиийгээ ятгасан гэж телевизийн CP24 сувгаар мэдээлсэн байна.
Энэ нь төрсөн өдрийн маань цорын ганц хүсэл байсан юм гэж 18 настай сурагч хүү хэлжээ. “Би хотын даргын албан тушаалд өрсөлдөхийг л мөрөөдсөн юм. Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авмаар байна хэмээн аав, ээж хоёрыг асуухад, “Юу ч авахгүй” хэмээн би хариулсан" гэж тэр ярьсан байна.
Зохих баримт бичиг бүрдүүлж, 200 долларын хураамж төлсний дараа Меир хотын даргын суудлын төлөө өрсөлдөх 50 нэр дэвшигчийн нэг болжээ. Залуу сонгуульд ялна гэдэгтээ итгэхгүй байгаа ч, өөрийнх нь үзэж байгаагаар, сонгуулийн өмнөх сунгаа нь Канадын өсвөр үеийнхний сэтгэлийг эзэмдэж буй асуудлуудын тухай ярих боломж хэмээн үзэж байгаа гэнэ.
Тухайлбал, сэтгэцийн өвчинтэй хүмүүст зориулсан төрөлжсөн байгууллагууд хүрэлцээгүй байгаа асуудлыг хотын эрх баригчид тоож үзэхгүй байна гэж тэр үзээд, Торонто хотод сэтгэцийн эрүүл мэндийн хямрал нүүрлэж, орон гэргүйчүүд олширч байгаа нь хямралыг улам гааруулж байгаа юм гэж хэлжээ.
Штраус сонгуульд ялагдвал коллежид элсэж, сэтгүүлч болохоор төлөвлөж байгаа гэнэ.
Я.Сүхбаатар