Шатрын 2023 оны Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 8 өргийн дараах байдлаар М.Амилал, Э.Хүслэн нар тэргүүлж байна.
Олон угсаатны өлгий Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо үргэлжилж буй 2023 оны Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний есдүгээр өргийн тоглолтууд хэдхэн хормын өмнө эхэллээ.
Найман өргийн дараах байдлаар:
Нээлттэй ангилал:
"Зууны шатар" клубын тамирчин 16 настай дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал 6.0 хожилтой тэргүүлж байгаа бол тэргүүлэгчдийн байранд өчигдрөөс өөрчлөлт орсонгүй их мастер Г.Мөнхгал, их мастер Б.Билгүүн 5.5 хожилтой толгойн хэсэгт бичигдэж байна.
Эмэгтэй ангилал:
Наймдугаар өрөгт хожил авснаар Төв аймаг, "Хан-Алтай" клуб,52-р сургуулийн тамирчин Спортын дэд мастер 15 настай өнгөрсөн оны Ази тивийн аварга Э.Хүслэн 5.5 хожилтой тэмцээний тэргүүллийг аваад байна.
Түүнээс хагас оноо дутуу Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, Спортын дэд мастер Э.Энхрий нар 5.0 хожилтой лидерийн байранд бичигдэж байна.
Шатрын насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний есдүгээр өргийг нээж Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн Ховд аймгийн шатрын холбооны зөвлөх Т.Сумьяа нар нээлтийн өргийг нүүж эхлүүлсэн юм.
2023 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Ховд хот, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд 10 дахь өдрөө ийнхүү үргэлжилж байна.