Монголын боксын холбоо байгуулагдсан 75 жилийн түүхэндээ анх удаа нэг жилд буюу 2023 онд ДАШТ-ээс эмэгтэй боксчид 1 мөнгө , 1 хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй тулаанчдаас 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүлсэн билээ.
МБХ-ноос өндөр амжилт гаргасан баг, тамирчдаараа бахархаж байгаагаа илэрхийлэн өнгөрсөн баасан /2023.06.02/ гарагт Дэлхийн медальтан тамирчиддаа орон сууц болон автомашинаар урамшуулан, тив, дэлхий, олимпын ринг дээр улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж хүндэтгэл үзүүлсэн юм.
Монголын боксчдын амжилтын буухиа нь тасралтгүй үргэлжлэх болтугай.
Тодруулбал, Монголын боксын холбооноос ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн /Л.Алтанцэцэг, Б.Чинзориг/ тамирчдынхаа амжилтыг хоёр өрөө орон сууцаар, мөн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн / М.Энхжаргал, Б.Мишээлт/ тамирчдынхаа амжилтыг автомашинаар мялаалаа.
Мөн Монголын боксын холбоо энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн цаашид тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдынхаа бай шагналаас татвар авахгүй байх шийдвэр гаргасан байна.