Японы мэргэжлийн сумо бөхийн Дээд зиндаа буюу Макүүчид дэвшин барилдсан 2 башёдаа амжилттай барилдаад байгаа Хокүсэйхо А.Даваанинж 6 жилийн дараа эх орондоо ирээд байна.
А.Даваанинж нь Мияагино дэвжээ буюу 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын дэвжээний анхны Монгол шавь нь юм. Түүний дэвжээний нэр нь Хокүсэйхо Осаму. Тэр 21 настай /Улаанбаатар хотноо 2001 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн / бөгөөд биеийн өндөр нь 204 см, жин нь 185 кг. Тэрбээр, өнөөдрийн байдлаар монголын сумо бөхчүүдээс хамгийн өндөр нуруутай нь билээ.
Залуу сумоч А.Даваанинж нь 7 настайдаа эцэг, эхийн хамт Япон улсын Хоккайдод очиж бага, дунд, ахлах сургуульд сурч төгссөн байна.
Түүний Хокүсэйхо /Hokuseihou/ нэрний утгыг тайлбарлавал Японы хойд нутаг болох Хоккайдогийн Хойд гэсэн утга, мөн Монголыг цэлмэг хөх тэнгэрийг бэлгэдсэн бөгөөд Гарьд шувуу гэсэн үг болон Хакүхо аваргын Хо гэдэг үг уг нэрэнд нь бас багтжээ.
Хокүсэйхо А.Даваанинж /М-11/ 2023 оны 5 дугаар сарын байдлаар 90 удаа барилдаж 56 удаа давсан байна.
Тэрбээр 2023 оны 3 дугаар сард анх удаа Макүүчи буюу Дээд зиндаанд дэвшин барилдаж 9 давсан. Улмаар 5 дугаар сард 8 давж, 2 башёд 50-иас дээш хувийн амжилт үзүүлэн нийтдээ 17 даваа авч Маэгаширагийн 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Хокүсэйхо А.Даваанинж Жонокүчи, Жонидан, Санданмэ, Макүшита зиндаад дараалан түрүүлсэн билээ.
Хокүсэйхо А.Даваанинжийг өчигдөр буюу пүрэв гарагт /2023.06.08/ БТСУХ-ны даргын үүргийг түр гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн БТС-ын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э. Тэмүүжин, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн дарга, доктор Д. Жаргалсайхан нар Спортын төв ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм. Уулзалтад түүний төрсөн ах Пүрэвдорж байлцсан юм. Монголчууд А. Даваанинжийг ирээдүйн аварга бөх болно гэж итгэл найдвар хүлээлэгдэг тухай БТС-ын удирдлагууд түүнд хэлсэн бөгөөд улам сайн барилдаж өндөр амжилт гаргахыг хүслээ.
А.Даваанинж, Та бүхнийг итгэлийг хүлээн спортын өндөр амжилт гаргахаа илэрхийлж байв. Уулзалтын үеэр А. Даваанинжийг БТСУХ-ны Хүндэт жуух бичгээр шагнасан юм.