NCAA -ийн I дивизионы багт тоглосон Монголын анхны сагсанбөмбөгч NBA-ийн энэ оны драфтад нэрээ дэвшүүлсэн ч эргэн нэрээ татсан билээ.
NBA-д тоглох боломжоо улам бататгах, илүү найдвартай үедээ драфтад дахин орох зорилготойгоор Америкийн оюутны нэгдүгээр дивизионд дахин тоглохоор шийдвэрлэсэн юм.
Харин "Mongolian Mike" Шаравжамцын Энхийн-Од ирэх улиралд ямар их сургуулийн багт тоглох бол гэсэн асуулт сагсанбөмбөг сонирхогчид, фэнүүдийнх нь хувьд оньсого болон үлдсэн.
Тэгвэл Энхийн-Од Индиана, Мемфис, Небраска, Питтсбург , Сан Франциско гэсэн таван сонголтоос "University of San Francisco" их сургуулийн "San Francisco Dons" багт тоглохоор шийдвэрлэсэн болохыг ойрын эх сурвалж мэдээллээ.
Харин түүний шилжилтийг шинэ баг нь ирэх долоо хоногт албан ёсоор зарлах ажээ.
"Сан Франциско донс" баг нь NCAA нэгдүгээр дивизионы West Coast conference-д харьяалагддаг, NCAA -ийн хошой аварга ( 1955,1956 онд) болж байсан түүхтэй бөгөөд энэ багаас NBA-ийн 24 тоглогч "төрсөн" бөгөөд домогт Билл Рассель ( NBA-ийн 11 удаагийн аварга, таван удаа MVP, "Бүх оддын" тоглолтод 12 удаа шалгарч байсан) хамгийн тод "Дон" юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин