Ханжоу хот /burged61.mn/ Өнөөдөр Азийн 19 дүгээр наадмын жүдо бөхийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байгаа жүдочид өнөөдөр буюу 3 дахь өдрийн барилдаанд /эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг/ 1 тамирчин аваргын төлөө, 2 тамирчин хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болоод байна.
ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг жинд эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевийг цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Туробоев Музаппарбек /TUROBOYEV Muzaffarbek/-тэй барилдахаар боллоо.
А.Түмэнбаяр, Гэрэл зургийг Ч.Ганбат
Эмэгтэй 78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдсанаар торгуулийн тойрогт хүч үзлээ. Тэрбээр торгуулийн тойрогт Тайваны тамирчинг боох мэхээр ялж, хүрэл медалийн төлөө барилдана
Эмэгтэй +78 кг жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ.
Харин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн MAAN Tulika юм байна.
Эрэгтэйчүүдийн 90 кг жинд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга ОУХМ Гантулгын Алтанбагана Афганистаны тамирчныг ялаад, дараа нь Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Давлат Бобоновтой барилдаж, ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Түүний өрсөлдөгч нь Ливаны чечень бөх CARAMNOB Sagaipov.
Харин эрэгтэй +100 кг-д О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает иппон үнэлгээгээр ялснаар тэмцээнээ дуусгав.