Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрхийн тэмцээнүүдийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаа зарлалаа. Олимпын эрхийн анхны тэмцээн нь Сербид болсон ДАШТ байсан бөгөөд тус тэмцээн дээр олимпын 18 жинд тус бүр 5 эрх олгосон билээ.
Ирэх жилээс тивүүдийн эрхийн тэмцээн явагдана. Панамерик (2-р сарын 28-наас 3-р сарын 1, Акапулько, Мексик), Африк (3-р сарын 22-24, Александр, Египет), Европ (4-р сарын 5-7, Баку, Азербайжан), Ази (4-р сарын 19- 1, Бишкек, Кыргызстан). Энэ тэмцээнүүдэд олимпын жин бүрт хоёр олимпын эрх олгоно. Гэхдээ хагас шигшээ барилдаанд ялсан бөхчүүд финалд хоорондоо барилдахгүй. Тэд олимпын эрхээ аваад тэмцээн өндөрлөнө гэсэн үг юм.
Олимпын эрхийн гурав дахь шат бол Дэлхийн олимпын эрхийн тэмцээн. Тавдугаар сарын 9-12-нд Туркийн Истанбулд болох тус тэмцээнд олимпын жин тус бүрт 3 эрх өгөх юм. Хагас шигшээд ялсан хоёр бөх болон, гуравдугаар байр эзэлсэн хоёр бөх халз барилдаж, ялсан нь олимпын эрх авах болно. Мөн л финалын барилдаан явагдахгүй.
Париж-2024 наадамд сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхөд 288 тамирчин оролцоно. Үүнээс 90 нь 2023 оны ДАШТ-д тодорсон. Тивийн тэмцээнүүдэд 144, дэлхийн эрхийн тэмцээнд 54 эрх олгосноор олимпын наадамд оролцох бөхчүүдийн нэрс тодрох юм.