2024 онд зам, тээврийн салбарт нийт 2,4 их наядын бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Тэр дундаа авто замын салбарт сүүлийн 10 жилийн хугацаанд байгаагүй томоохон ажлууд хийгдэнэ.
Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн удирдлагуудтай жилийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийдэг уламжлалт уулзалтыг /2024.01.12/ цахимаар зохион байгууллаа.
Цахим уулзалтаар салбар яамдын 2024 оны бодлого, зорилтыг танилцуулах, орон нутагтай хамтарч ажиллах үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл, танилцуулга хийлээ.
Өнөөдөр хийсэн цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт оролцож, 2024 онд Зам, тээврийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын хүрээнд орон нутагт улсын төсөв, гадаад зээл тусламж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогтын хийсэн мэдээллээс хүргэвэл, 2024 оны зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын зардалд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын Засгийн газар 21 аймаг, 100 орчим сумыг хатуу хучилттай замаар холбосон.
Цаашид сумдыг холбох, боомтод чиглэсэн авто зам, аймаг хоорондыг авто замыг барихаар төлөвлөж байна.
Ялангуяа аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил дээр нэлээд хөрөнгө тусгаад байна.
Тухайлбал, Ховдыг Увстай, Говь-Алтайг Завхантай, Мандалговийг Чойртой холбох томоохон төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна эвдэрсэн автозамын их засварт анхаарал хандуулж, засвар арчлалтын ажлыг хийхээр төлөвлөөд буйг тэрбээр танилцууллаа.
Мөн сүүлийн гучин жил замын урсгал засварт хангалттай төсөв суулгаж чадаагүйн улмаас засвар, арчлалтыг бүрэн хийж чадаагүй өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл зам тавиад мартчихдаг байсан гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ жил 650 орчим км замыг шинэчилж их засвар хийнэ. Энэ нь Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэнд тавигдаагүй төсөв. Энэ жилээс Дорнодын тамын тавь, Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн эвдэрсэн олон замыг засна гэдгийг хэллээ.
Цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, албадын төлөөлөл Онцгой байдал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төвийн албаны хүмүүс оролцлоо.