Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын Ерөнхий захирлын зөвлөх Келли Бөөрдийг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар 2019-2023 онд хэрэгжүүлсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр зөвлөх Келли тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, манлайлан ажилласан Монгол Улсын Засгийн газар, хэрэгжүүлэгч, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд, төслийн багт талархал илэрхийлэн төслийн сайн туршлага, төрийн байгууллагын манлайлал, үр дүнгийн залгамж холбоо нь АХБ-ны гишүүн орнуудад сайн турлага болж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, тус Төслийн захирал Л.Нямгэрэлийг 2024 оны 3 дугаар сард Филиппин Улсад АХБ-ны Зүүн Азийн бүсийн газраас зохион байгуулах цуврал үйл ажиллагааны үеэр “Монгол Улсын туршлага - Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдэвт арга хэмжээнд панелистаар оролцон АХБ-ны гишүүн орнуудтай төслийн үр дүн, сургамж, туршлагаа хуваалцах урилгыг дахин уламжлав.
Энэхүү панел хэлэлцүүлгийн хажуугаар төслийн үр дүнгийн талаарх богино хэмжээний видео, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүтээсэн богино хэмжээний цуврал кино, контент, танилцуулгыг оролцогчдод түгээх арга хэмжээг мөн зохион байгуулна.
Келли Бөөрд нь 2013-2023 онд АХБ-ны Филиппин Улс дахь Суурин төлөөлөгч, 2014-2018 онд АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын Төрийн удирдлага, санхүү, худалдааны салбар хариуцсан захирал, Дэлхийн банк, USAID санхүүжилттэй хөгжиж буй орнуудын төсөл хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байсан юм.