АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн 2024 оны ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэй 66, 73 кг, эмэгтэй 57 кг жингийн барилдаанууд явагдаж Монголын шигшээ багаас 73 кг-д Лавжаргалын Анхзаяа хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ удаагийн ДАШТ-д 107 орны 658 тамирчин хүч үзэж байгаагаас Монголын шигшээ багийн 18 бөх барилдахаар очоод байгаагаас 11 тамирчин тэмцээнээ хүлээж байна.
ОУХМ Л.Анхзаяа /24 настай/ Жибутигийн Аден-Александре Хуссен, Гүржийн Лаша Шавдатуашвили, Румын жүдоч Александру Райку, Швейцарын жүдоч Нилс Стамп нарыг ялж хэсгээ тэргүүлсэн.
Улмаар хагас шигшээд Японы Тацүки Ишихарад ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Даниэл Каргниныг торгуулиар ялснаар анх удаа ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.
Энэ тэмцээний өмнө Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн чансаагаар Л.Анхзаяа 98-д бичигдэж байсан бөгөөд Бразилын Даниэл Каргнин 10-т, Швейцарын Нилс Стамп 8-д, Гүржийн Лаша Шавдатуашвили 5-д жагсаж байв.
Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ баг Абу Дабигийн ДАШТ-ээс 1 алт /48 кг-д Б.Баасанхүү/, 1 хүрэл медаль /73 кг-д Л.Анхзаяа/ авсан амжилт үзүүлээд байна.