БЭЭЖИН, 2024 оны наймдугаар сарын 10 /Xinhua/. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод Европын Холбоо /ЕХ/ нэмэлт татвар ногдуулсан явдлыг эсэргүүцэн Хятад улс баасан гарагт Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол гаргажээ.
Цахилгаан автомашины салбарын хөгжих эрх, ашиг сонирхол, дэлхийн ногоон шилжилтийн төлөөх хамтын ажиллагааг хамгаалахын тулд ЕХ-ны түр зуурын арга хэмжээний талаар ДХБ-ын маргаан зохицуулах механизмд хандсан гэж Хятадын Худалдааны яам мэдэгдсэн байна.
ЕХ-ны шийдвэр нь бодитой, хууль зүйн үндэслэл дутмаг байгаа бөгөөд ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Хятадын талын зүгээс, алдаатай шийдвэрээ нэн даруй засаж залруулж, Хятад-ЕХ-ны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цахилгаан автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалахын тулд хамтран ажиллахыг тус холбоонд уриалсан байна.
Энэ оны долоодугаар сарын эхээр Европын Комисс Хятадын цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан автомашин /BEV/ үйлдвэрлэгчдэд 37.6 хүртэлх хувийн түр зуурын нэмэлт татвар ногдуулсан юм. Хятадын татаас нь BEV-ийн үнэ цэнийн сүлжээнд ашиг тусаа өгч, ЕХ-ны үйлдвэрлэгчдэд эдийн засгийн эрсдэл учруулж байгааг тогтоосон холбогдох шалгалтын дүгнэлтэд үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж тус комисс мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан