ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 11 /BBC/. Хоёр жилийн турш бэлтгэж, хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст “Polaris Dawn” хөтөлбөрт хамрагдсан дөрвөн сансрын нисгэгч Америкийн тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр амжилттай хөөрлөө.
Сансрын жуулчид болох тэд түүхэнд анх удаа задгай сансарт гарах юм.
“Polaris” хөтөлбөрийн хүрээнд гурван удаагийн нислэг үйлдэх ажээ. Өдгөө 41 настай тэрбумтан нисгэгч Жаред Айзекман энэхүү анхны нислэгийг ивээн тэтгэж, хөлгийн багийг ахалж байна. Тэрбээр “Crew Dragon” хөлгөөр тойрог замд гарч байсан бөгөөд “Inspiration4” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгч бус хүмүүсээс бүрдсэн багийг ахалж байсан юм. Одоо тэрбээр SpaceX-ийн тэргүүлэх инженер Сара Гиллисийн хамт задгай сансарт гарна.
Багийн бүх дөрвөн гишүүн “SpaceX”-ийн шинэ скафандрыг өмсөх ажээ. “Dragon” хөлөгт эрэг боолт байхгүй тул Айзекман, Гилл нар хөлгийн хаалгаар задгай сансарт гарна.
Уг хөлгийг хөөргөх ажиллагааг хоёр долоо хоногийн өмнө хоёр ч удаа хойшлуулсан бөгөөд эхнийх нь гели алдагдсаны улмаас, хоёр дахийг нь цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулжээ.
“Dragon” хөлөг 5-6 хоног сансарт байх бөгөөд эх дэлхийдээ эргэн газардах үед цаг агаарын байдал таатай байх ёстой. Эс бөгөөд тойрог замд саатахаас аргагүйд хүрнэ. Хөлөг дотор амьдралыг дэмжих нөөц хязгаарлагдмал, мөн тойрог замын ОУСС-ын станцтай залгагдах боломжгүй.
“Crew Dragon” хөлгийг Канавералын хошуунаас мягмар гаргийн өглөө “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ. Хөөргөснөөс хэдэн минутын дараа пуужингийн эхний угсраа хэсэг “Just Read the Instructions” хэмээх автомат хөвөгч тавцан дээр амжилттай газардсан байна.
“Polaris Dawn”-ы эхний зорилго бол жолоодлогот нислэгийн түүхэнд дэлхийн орчмын тойрог замын хамгийн өндөр цэгт хүрэх явдал юм. “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.
Харин хөтөлбөрийн хоёр дахь буюу хамгийн гол зорилго бол задгай сансарт гарах явдал бөгөөд үүнийг есдүгээр сарын 12-ны пүрэв гарагт товложээ.
Сансрын хөлгөөс задгай сансарт гарах нь тойрог замын нислэгийн үеэрх хамгийн эрсдэлтэй үйлдэл бөгөөд 1965 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов задгай сансарт анх гарсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!