Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2024.09.12/ боллоо.
Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлыг чиглэл болгож, харьяа байгууллага, газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
Тухайлбал, өнгөрөгч мягмар гарагт болсон жишиг “Цахим аймаг” өдөрлөгт сайд Ц.Баатархүү тэргүүтэй харьяа болон салбар байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан апп зэрэг цахим 10 системийг амжилттай нэвтрүүлсэнтэй танилцсан. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт хийсэн кодчиллыг дараагийн аймагт түрээслүүлэх ажлыг судалж, төсвийн хөрөнгийг хэмнэх санал гаргав.
Мөн есдүгээр сарын 24-ний өдөр Дэлхийн шуудан холбооны ерөнхийлөгч Масахико Метоки манай улсад айлчлах юм. Тус айлчлалтай холбогдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, шуудангийн салбарын шинэчлэлийг шинэ түвшинд гаргах үүрэг өглөө.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү шуурхай хурлаар салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Үүнд:
-Шуудан, Сансар судлал, Дроны хуулиудын төслийг ирэх намрын чуулганд өргөн барих Ажлын хэсэг байгуулах;
-Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Цаашид аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбоно. Цаасыг халах ажлыг олон нийтэд сурталчлах таниулах;
-Цахим шилжилт хийхэд ямар саад бэрхшээл тулгарч байгааг судлах;
-Салбарын хүний нөөцийн дутагдлыг нөхнө. Зах зээл дээрх эрэлт болон Боловсролын яам дээрх квотын зөрүүг судалж, Засгийн газарт танилцуулах;
-Салбарын хуулиудын давхцалыг арилгаж, журамд оруулах;
-Өргөн нэвтрүүлгийн сангийн журмыг Засгийн газарт өргөн барих;
-Дараагийн шуурхай хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг танилцуулах;
-Албан тушаалтнууд, мэргэжилтнүүдэд тоон гарын үсгийг хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!