Азийн Хөлбөмбөгийн Холбооны гишүүн ба бүсийн холбоодын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хуралд оролцогч нарын энгэрт монгол орныг тэтгэж буй нийт 193 мянган км урт гол горхи, булаг шандыг төлөөлсөн бяцхан цэнхэр тууз хүндэтгэлтэйгээр заларлаа.
Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шайх Салман бин Ибрахим Аль Халифа, Ерөнхий нарийн бичгийн дарга Датук Сери Виндзор, Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Козо Ташима, НҮБ-ын дэд дарга, Түншлэл, олон улсын харилцаа хариуцсан захирал Роберт Скиннер тэргүүтэй Азийн Хөлбөмбөгийн холбооны 48 гишүүн холбоо усыг хайрлах уриалгад талархалтай хандаж, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн цэнхэр туузаар энгэрээ чимсэн нь энэ билээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хэрэгжүүлж буй “Цэнхэр тууз” аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй. Хөлбөмбөгийн спортоор дамжуулан усны нөөцийг хадгалах, хамгаалах уриалгыг гаргах, бусад олон ажлыг хамтран хийхээр дээрх хоёр байгууллага Санамж бичиг байгуулсан юм.
Өнгөрсөн 8 дугаар сард нээлтээ хийсэн Эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний үеэр лигийн эмэгтэй тамирчид маань цэнхэр тууз зүүн, усны нөөцийг хайрлах, хамгаалах аянд нэгдэж буйгаа хамгийн түрүүнд илэрхийлж байв. Хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт, уриалгыг хүргэхээс гадна ус үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү аяныг дэмжих, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тэдний хувь нэмрийг татан оролцуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд байгаа билээ.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!