Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлөөс 2026 оноос таван том наадмыг зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс эдгээр наадамд баг, тамирчдыг ахалж, оролцогч талуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах багийн ахлагч нарыг албан ёсоор томиллоо.
Хамгийн эхнийх нь ердөө 10 хоногийн дараа Италийн Милан-Кортина хотод болох бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Номин тус наадамд багийн ахлагчаар ажиллана. Японы Айчи-Нагоя хотод болох Азийн зуны спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахлахаар боллоо. Африк тивд анх удаа болох залуучуудын зуны олимп Сенегалын Дакар аравдугаар сарын 31-нд хөшгөө нээнэ. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам ахлах юм.
Харин Азийн олимпын зөвлөлийн ивээл дор дөрөвдүгээр сарын 22-нд эхлэх “Санья-2026” элсний наадамд оролцох багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавыг томилжээ. Азийн элсний наадмыг 14 спортын 61 төрөл зайд зохион байгуулна. Тэгвэл арваннэгдүгээр сард 28-наас Саудын Арабын Эр Рияд хотод болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын багийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ахлахаар болсон байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!