ТАШКЕНТ, 2026 оны нэгдүгээр сарын 27 /ТАСС/. Катарын Олимпын хорооны Ерөнхийлөгч шейх Жоан бин Хамад Аль Тани Азийн Олимпын зөвлөлийн даргаар сонгогдсон тухай тус зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж буй Азийн Олимпын зөвлөлийн 46 дугаар Ерөнхий Ассамблейн үеэр болсон санал хураалтаар Аль-Тани уг албан тушаалд томилогдсон байна. Санал хураалтад оролцсон 45 улсын төлөөлөгчдийн 44 нь түүнийг дэмжсэн бол нэг саналыг хүчингүйд тооцжээ.
Тэрбээр хэлэхдээ “Ази бол Олимпын гэр бүл дэх хамгийн том бөгөөд хамгийн олон талт өвөрмөц тив билээ. Олон талт байдал бол бидний хамгийн том хүч. Энэ нь биднээс эв нэгдэлтэй байхыг шаарддаг. Эв нэгдлийн хүчээр бид олон талт байдлыг боломж болгон хувиргаж чадна. Бид үндэсний Олимпын хороодын эрх, боломжийг өргөжүүлж, дэлхийн спортын тавцанд амжилт гаргах талбарыг залуустаа зориулан бий болгоно” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Аль-Тани өмнө нь Азийн Олимпын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Энэтхэгийн иргэн Рандхир Сингхийн оронд сонгогджээ.
Энэ удаагийн Ерөнхий Ассамблейд Ташкент хотноо ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев оролцсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!