Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцсан байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд гэхэд л манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тонн ямааны мах экспортолсон бөгөөд вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг Элчин сайд Нгуен Дуан Тань хэлэв. Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.
Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!