Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Францын Парис хотод болох “Их дуулга” ангиллын 2026 оны анхны цуврал тэмцээн энэ сарын 7-нд эхэлнэ.
52 дахь удаагийн тэмцээнд 81 орны 512 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас зодоглох 15 тамирчин, гурван дасгалжуулагч өнөөдөр өглөө Парисын зүг хүлгийн жолоо заллаа. 1971 оноос эхлэлтэй энэхүү тэмцээнийг анх “Tournoi de Paris” нэртэйгээр зөвхөн эрэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг байсан бол эмэгтэй жүдочдыг 1988 оноос оролцуулжээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, А.Дуламсүрэн нар барилдана.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:00, финал шөнийн 00:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдааныг “С1” телевиз эх орон даяар шууд дамжуулах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!