МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Kazinform/. Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News телевизээр мэдээлжээ.
Тоглолт пүрэв гарагт болох байсан боловч Финландын багийн тоглогчдын дунд өвчлөл илэрсэн байна. Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, уг тоглолтыг хойшлуулах шийдвэрийг эмнэлгийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр гаргажээ.
Хамтын шийдвэрийн хүрээнд бүх арга хэмжээг авч, эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг чанд мөрдөн хэрэгжүүлсэн гэж ОУОХ мэдэгджээ. Мөн тамирчид, дасгалжуулагчдын баг, албаны хүмүүс болон тэмцээний бүх оролцогчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь эн тэргүүний зорилт байсныг дурдаад, тоглолтыг хойшлуулсан нь “зайлшгүй хийх хариуцлагатай алхам” байсан гэдгийг онцолсон байна.
Тоглолтыг хоёрдугаар сарын 12-нд явуулахаар товложээ. Уг тоглолт хоккейн тэмцээнд зориулан тусгайлан барьсан “Ро” спортын ордонд болно.
Энэхүү тоглолт нь Олимпын наадмын хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэгд тооцогдож байна. Учир нь хоёр баг хоёулаа алтан медалийн төлөө өрсөлдөх багуудын тоонд орж байгаа юм. Канадын шигшээ баг 2022 оны Бээжингийн Олимпын наадмын финалд АНУ-ын багийг хожиж, олимпын аварга болсон. Харин Финландын шигшээ баг тухайн үед Канадын багт 1:11-ийн харьцаатай хожигдсон ч хүрэл медаль хүртсэн юм.
Өмнө нь 2018 оны Пёнчаны олимпын үеэр норовирусийн халдвар гарч байжээ. Тухайн үед аюулгүй байдлыг хангах 41 ажилтан эмнэлэгт хүргэгдэж, 1200 орчим хүнийг тусгаарлаж байсан бөгөөд эмх журам, аюулгүй байдлыг хангахын тулд 900 орчим цэргийн албан хаагчийг дайчилж байв.
Өвлийн олимпын XXV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Италийн цагаар 20:00 цагт алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!