МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 7 /TASS/. Өвлийн Олимпын XXV наадам Италид албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслол баасан гарагт Милан хотын 80 мянган үзэгч хүлээн авах багтаамжтай алдарт “Сан-Сиро” хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Олимпод оролцогч орнуудын баг тамирчдын жагсаал, ёслолын үйл ажиллагаанууд наадмыг хамтран зохион байгуулж буй Италийн гурван хот болох Кортина-д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотуудад нээлтийн ёслолтой нэгэн зэрэг боллоо. Эдгээр хотууд нь хоорондоо хэдэн зуун километрийн зайтай бөгөөд өвлийн Олимпын зарим тэмцээн уралдаан нээлтийн ёслолоос өмнө эхэлсэн тул бүх тамирчин Миланд хүрэлцэн ирэх боломжгүй байв. Гэсэн хэдий ч бүх байршил дахь ёслолын жагсаалуудыг телевизийн шууд дамжуулалтаар нэгэн зэрэг холбон үзүүлжээ.
Нээлтийн ёслолын хөгжмийн хэсэг нь Вивальди, Россинийн сонгодог бүтээлүүдээс эхлээд орчин үеийн хөгжим хүртэл олон урсгалыг хамарлаа. Шоуны үеэр АНУ-ын алдарт дуучин Мэрайя Кэри, Италийн рэпп дуучин Гали нар үзүүлбэрээ толилуулсан бол оргил мөч нь тенор Андреа Бочеллигийн тоглолт байлаа. Тэрбээр Пуччинигийн “Турандот” дуурийн алдарт Nessun dorma ариг дуулсан байна.
Ёслолын үеэр мөн Италийн төрийн далбааны өнгийг илэрхийлсэн үзүүлбэр зохион байгуулж, Armani брэндийн коллекцыг танилцуулж, өнгөрсөн оны есдүгээр сард 91 насандаа таалал төгссөн Италийн нэрт загвар зохион бүтээгч Жоржио Арманид зориулан хүндэтгэл үзүүлжээ. Armani загварын ордон нь Италийн шигшээ багийн албан ёсны хувцсыг урладаг.
Ёслолын төгсгөлд Олимпын бамбарыг Милан хотын Энх тайвны нуман хаалга болон Кортина-д’Ампеццо хотын Дибона талбайд нэгэн зэрэг асаалаа. Ийнхүү Олимпын наадмын галыг анх удаа хоёр газарт асаасан түүхэн үйл явдал боллоо.
Олимпын наадмын хаалтын ёслол 2000 гаруй жилийн түүхтэй Верона хотын амфи театрт болж мөн түүхэнд бичигдэн үлдэнэ. Тодруулбал, Олимпын наадмын хаалтын ёслол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт байгууламжид болсон анх удаа болох юм. Хаалтын ёслолыг 12 мянган хүн үзэж сонирхоно.










Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!